Сургалт

Эрүүл мэндийг дэмжих сангийн “Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, хөгжүүлэх” төслийн хүрээнд “Сошиал маркетинг, дижитал маркетингийн арга хэрэгслүүдийг НЭМ-ийн мэдээлэл сурталчилгаанд нэвтрүүлэх нь” сургалт 2020 оны 10-р сарын 26-28-ны өдрүүдэд НЭМҮТ дээр зохион байгуулагдаж байна. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн мэдээлэл харилцаа, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн байна.

Сургалтын нээлтэд НЭМҮТ-ийн ЭНБД С.Өнөрсайхан, БХЗХ-ийн дарга Д.Дэлгэрмаа, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцов. Дижитал маркетинг, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа тэргүүлэх байгууллагуудын нэг болох BZP агентлагийн туршлагатай, мэргэшсэн багш нар сургалтыг удирдан явуулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салшгүй бөгөөд чухал хэсэг нь мэдээлэл харилцаагаар дамжуулан хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг боловсрол олгох, мэдээ мэдээллээр хангах явдал юм. Нөгөө талаас технологийн өндөр хөгжлийн нөлөөгөөр мэдээлэл олж авах, түгээх арга хэрэгслүүд хувь хүнд илүү ойр, хүртээмжтэй дижитал хэлбэрт шилжин улам бүр ухаалаг, илүү хурдтай болсоор байна. Иргэдийн мэдээлэл олж авах үндсэн эх сурвалжийн нэг нь сошиал платформ байгаа бөгөөд манай хүн амын 2.2 сая нь интернэтэд тогтмол нэвтэрдэг гэсэн судалгааны тоо гарчээ. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл харилцааг хүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхийн тулд энэ чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийг сошиал маркетинг, дижитал маркетингийн чиглэлээр чадавхижуулах сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулах шаардлагатай байгаа билээ.