Манай улсад 15-69 насны хүн амын 21.9% нь хөдөлгөөний хомсдолтой, 52.4% нь ажлын байрандаа, 48.2% нь амралт чөлөөт цагаараа эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, мөн идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он, Монгол улс).
Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын 29.2% нь өдөрт 3000-10000, 24.6% нь 3000-аас доош, дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж 10000-аас дээш алхам алхдаг байна (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он).
Дэлхийд хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй өвчлөлөөр жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. Хөдөлгөөний хомсдол нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний (ХБӨ) гол шалтгаан болдог. Техник технологийн хурдацтай хөгжил, дэвшил нь энерги зарцуулах хэрэгцээг багасган, суугаа амьдралын хэв маягийг бий болгож байна. Мөн Дэлхийд гурван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байдаг бөгөөд ДЭМБ-ын гишүүн орнууд 2025 он гэхэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон хөдөлгөөний хомсдлыг 10%-иар бууруулах зорилт тавин ажиллаж байна.