Монгол Улсын газар нутгийн уудам байдал, хүн амын сийрэг тархалттай онцлог нь эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бүх нийтэд, тэгш хүртээмжтэй хүргэхэд тодорхой бэрхшээл дагуулсаар ирсэн. Тиймээс “нэг ч хүнийг орхигдуулахгүй” зарчмыг хэрэгжүүлж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, оношлогоог тогтмол хэвшүүлэхэд мобайл технологийн дэвшил, ухаалаг шийдлүүдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх нь онцгой ач холбогдолтой болж байна.
2025 оны 6 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Булган суманд зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалтад сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 24 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Энэхүү сургалтын зорилго нь эрүүл мэндийн ажилтнуудыг орчин үеийн техник, технологид суурилсан оношлогоо, урьдчилан сэргийлэх тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд бэлтгэх, технологийн дэвшлийг газар дээр нь үр дүнтэй хэрэглэх чадварыг бий болгоход чиглэж байна.
Сургалтыг эрүүл мэндийн салбартаа танигдсан туршлагатай сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд тэдгээрийн бүрэлдэхүүнд:
Б.Дулам – Анагаах ухааны магистр, дүрс оношлогооны резидент, Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч
Д.Даваадулам – Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн их эмч
У.Мягмарсүрэн – Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотор-арьсны тасгийн эрхлэгч, их эмч
нар орж ажиллаж байна.
Сургалтын хүрээнд оролцогчид спирограммын багаж төхөөрөмжийг ашиглан уушгины үйл ажиллагааг үнэлэх, өвчний эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэх, мэдээллийг ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан эмнэлгийн цахим системд шууд оруулах, хөдлөх боломжгүй иргэдэд ч түргэн шуурхай тусламж үзүүлэх арга зүйд суралцаж байна.
Энэхүү үйл ажиллагаа нь зөвхөн эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргаж, алслагдсан бүс нутагт хүртээмжтэй, чанартай тусламж, үйлчилгээг хүргэх бодит алхам болж байгаагаараа онцлог юм.