Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулдаг болсон.
Энэ жилийн дэлхийн 7 хоногийг 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж эхэллээ
Монгол улсын хувьд нийт эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг бөгөөд эмчилгээнд хэрэглэж буй эмийн 30 орчим хувийг нянгийн эсрэг үйлдэлтэй эм, антибиотик эзэлж байна.
Нян эмэнд тэсвэртэй болохоос урьдчилан сэргийлэхэд бид бүгд үүрэг оролцоотой. Үүнд энгийн бөгөөд үр дүнтэй дараах үйлдлүүдийг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлбэл “Нянгийн тэсвэржилтийн эрин үеийг сааруулах, цэг тавих”-ад чухал алхам болох төдийгүй “Ирээдүй үе”-дээ хийж буй том хөрөнгө оруулалт болно. Үүнд:
• Гараа савандаж, тогтмол угаах
• Аюулгүй бэлгийн харилцааг эрхэмлэх
• Вакцинжуулалтад тогтмол хамрагдах
• Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх
• Антибиотикийг эмчийн жоргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй байх
• Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх
• Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх
• Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх