Бүсийн хэмжээнд жилд дунджаар хавдрын 800 орчим шинэ тохиолдол, 500 орчим нас баралт бүртгэгдэж, 3,400 гаруй иргэн хяналтад байгаагаас элэг, ходоод, уушгины хорт хавдар тэргүүлж байна.
Энэ нь улсын хэмжээнд өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.
Өнөөгийн байдлаар хавдрын тусламж, үйлчилгээ Хавдар судлалын үндэсний төв дээр төвлөрч, орон нутгаас Улаанбаатар хот руу эмчлүүлэх иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Энэ ачааллыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор өнөөдөр “Эрдэнэт Медикал” эмнэлгийг “Хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв” болгон албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй ажлын хэсэг ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.
”Эрдэнэт медикал” эмнэлэг нь 6800м2 талбай бүхий нэг төв, 7 тасаг, 5 хэсэг, 13 кабинеттай, 60 эмч, 63 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 54 эмнэлгийн бусад ажилтан, нийт 177 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.