АЯН ЭХЭЛЛЭЭ

      Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн үйл ажиллагааг 2023 оны туршид 6 чиглэлийн дагуу зохион байгуулахаар төлөвлөсний дагуу сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” аяны үйл ажиллагаа эхэллээ.   

     Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын мэдээлснээр таван хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж, цаашилбал хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн нэг нь сэтгэцийн эмгэг байна. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% (10 тутмын 1 нь) сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй ба үүнээс 284 сая нь (нийт хүн амын 3.8% нь) сэтгэл түгших, 264 сая нь (нийт хүн амын 3.4% нь)  сэтгэл гутрах, 970 сая нь архи, мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй байсан. Тэгвэл 2019 онд дэлхий дахинаа 8 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй амьдарч, сэтгэл гутрал нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх тэргүүлэх шалтгаан болсоор байгааг мэдээлсэн.

      Манай Улсад зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалт 2013 оны судалгаагаар Монгол улсын 18-64 насны хүмүүсийн дунд сэтгэл түгших эмгэг 18.4%, органик бус нойрны эмгэг 17.5%, архаг ядаргаа 16.2%, тайлбарлаж болмооргүй биеийн зовуурь шаналгаа 11.9%, архинд донтох эмгэг 6.4%, сэтгэл гутрах эмгэг 6.2%-ийн тархалттай байсан бөгөөд 1984-1992 оны тархалтын судалгааны үр дүнтэй харьцуулахад сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсөж, архинд донтох эмгэг 25 дахин ихэссэн байна.

     Ийнхүү Эрүүл мэндийн яамнаас хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, олон салбарын оролцоог хангах “Сэтгэцийн эрүүл мэндийг хүн бүрд” нөлөөллийн аяныг эхлүүллээ.