АШУҮИС-ийн санаачилгаар 50 аад жилийн өмнөөс "БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ" арга хэмжээг зохион байгуулж иржээ. "Монгол улсын дээд боловсролын хөгжилд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн гүйцэтгэсэн үүргийг олон нийтэд сурталчлан таниулах, шинжлэх ухаан, түүн дотор анагаах ухаан, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, төгсөгчдийн ажлын байран дахь тасралтгүй сургалтыг зохион байгуулж, багш шавийн нандин холбоог бэхжүүлэх, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, зөвлөгөөг үзүүлэхэд" уулзалтын зорилго оршиж байна. Тэгвэл энэ удаа манай аймагт тус уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор Б.Батбаяр, Монгол Улсын ардын багш, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн, Монгол Улсын ардын багш, Боловсролын ухааны доктор, профессор А.Гүрбадам, Анагаахын Шинжлэх Ухаанны доктор, профессор Д.Уранчимэг, Д.Мөнхцэцэг, Анагаах ухааны доктор, дэд профессор С.Оюунцэцэг, О.Болорсайхан, Анагаах ухааны доктор М.Наранпүрэв, Б.Амгалан, Д.Ангармөрөн нар хүрэлцэн ирсэн.
Аймгийн эрүүл мэндийн салбарт 801 төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд тэдний төлөөлөгчтэй "БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2022"-ыг зохион байгуулж, анагаахын шинжлэх ухааны салбарт гарч буй ололт амжилт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний талаар мэдээлэл өгч, санал солилцлоо..
Уулзалтын нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай оролцож хүрэлцэн ирсэн багш нарт талархлаа илэрхийлж, уулзалтын арга хэмжээнд амжилт хүссэн бөгөөд энэ үеэр Булган аймгийн уугуул, ардын багш Ц.Лхагвасүрэн, А.Гүрбадам нарт хүндэтгэл үзүүллээ.