Аймгийн Засаг даргын 2015 оны А/32 дугаар захирамжаар жил бүрийн 3-р сарыг “Архи, тамхи-Шинэ үеийн сонголт биш” нэрэмжит сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж хэвшүүлсэн.
Архи, тамхины хэрэглээг иргэдийн дунд бууруулах, эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус хор нөлөөллийн талаар мэдээлэл өгөх зорилгоор “Архи, тамхи шинэ үеийн сонголт биш” аяныг аймгийн Боловсролын газартай хамтран 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая, нэг минут тутам 6 хүн нас барж байна. Энэ нь нийт бүртгэгдэж буй нас баралтын 5.3 хувийг эзлэж байна. Түүнчлэн архи хэрэглэж байгаа дөрвөн хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд байна.
Монгол Улсын хэмжээнд 2003, 2009, 2013, 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-гаар Монгол Улсад архи согтууруулах ундааны хэрэглээ 2003 онд 66.9 хувь; 2013 онд 64.6 хувьтай байсан бол 2019 онд 57.4 хувь болж буурсан хэдий ч хүн амын дунд архи,согтууруулах ундааны хэрэглээ өндөр хэвээр байна.