Хачгийн идэвхжлийн үе ирлээ! ХАЧИГТ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

(Иргэдэд зориулсан зөвлөмж)

Хачигт риккетсиоз өвчин

Энэ өвчний дамжуулагч нь риккетси гэдэг нянгаар халдварлагдсан Дермацентор нуталли буюу малын хачиг юм.

Малын хачиг нь жил бүрийн 3 дугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархаж, 4 дүгээр сард идэвхжлийнхээ үед хүнийг хазах нь элбэг байдаг. Манай улсын хувьд хаврын улиралд салхи ихтэй байдгаас хачиг салхиар зөөвөрлөгдөн хот суурин газрын иргэдийг ч хазаж өвчлүүлэх тохиолдол байдаг. ХӨСҮТ-ийн судалгаагаар хачигт риккетсиозоор өвчлөгсөдийн 22.2% нь Улаанбаатар хот орчимд хачигт хазуулсан гэсэн өгүүлэмжтэй байна. Уг халдвар нь манай улсад өргөн тархсан, 21 аймгийн 160 гаруй суманд бүртгэгддэг. Хачигт риккетсиозоор өвчлөгсөдийн 72.1% нь 4-6 дугаар сард уг халдварт өртсөн байна. Халдвар авсан хүнд хачигт хазуулсанаас хойш дунджаар 3-7 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, хачиг хазсан газар үрэвсч, тавших, ойролцоох тунгалгийн булчирхай цочиж, эмзэглэх, биеэр гөвдрүүт тууралт гарах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бэлчээрийн хачиг нь ихэвчлэн хүний толгойн орой, дагзны хэсэгт хазаж, цус сорон шимэгчилдэг. Бага насны хүүхдүүд биедээ орсон хачгийг богино хугацаанд илрүүлэн авч чаддаггүйгээс хачигт халдварт илүүтэй өртдөг. Уг халдвараар өвчлөгсөдийн дийлэнх буюу 44.5%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлдэг.

Хачигт боррелиоз өвчин

Хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг өвчнүүд нь ойн болон тайгын хачгаар дамждаг. Хачигт боррелиоз өвчин нь боррел гэдэг нянгаар үүсгэгддэг, мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.

Манай улсын 10 гаруй аймгийн 52 суманд бүртгэгддэг